Friday, March 13, 2009
Дэлхий ба энх тайван
Дайнгүй дэлхийг би, чи, та гээд бид бүгдээрээ хүсэж байна. Энх тайвныг бид цөмөөрөө л хүсэж байна.
Аз жаргал, баяр хөөрөөр бялхасан, энх тунх, жаргалтай гэгч нь инээмсгэлсэн ийм л хүмүүсийг, айх аюулгүй зовох зүйлгүй тйим л хүмүүс байхыг бид бүгдээрээ л хүсэж, зорьж тэмүүлж явна...Энх тайвныг энгийнээр тайлбарлах юм бол нэг ёсондоо аз жаргал юм. Өнөөдөр би хүссэн сургуульдаа орж чадсан, гэр бүлийнхэнтэйгээ энх тунх, эв найрамдалтай, сэтгэл тайван амьдарч байна. Энэ бол миний хувьд аз жаргал. Хүн болгоны аз жаргалын утга учир өөр өөр. Зарим нь мөнгөтэй байхдаа аз жаргалтай, ззарим нэг нь сайхан хайр дурлалтай учирсандаа аз жаргалтай байхад зарим нэгэнд нь наргиж цэнгэж явах аз жаргал байх жишээтэй. Юутай ч аз жаргал гэж юу болохыг шинжлэх ухаанд сэтгэл амар амгалан байхыг л “аз жаргал” гэнэ гэж тайлбарласан байдаг юм билээ. Дайн дажин, үймээн самуун, террорист үйл ажиллагаа, цөмийн зэвсэг гээд хүмүүн бидэнд гай гамшиг авчирах олон сөрөг зүйлүүд гарах явдал цаг хугацаа өнгөрөх тусам ихэссээр байна. Аз жаргалын хаалганы түлхүүрийг “тэд” биднээс улам хол авч одсоор л байна. Тэд гэдэг нь дайн, цөмийн зэвсэг, терроризм мөн илүүг харсан ховдог, шунхай сэтгэл, хэнийг ч өршөөхгүй, хайрлахгүй тийм л хорон сэтгэл бол “тэд”. Өөрөөр хэлбэл энх тайван буюу аз жаргалыг “бусинуулагчид, сөнөөгчид” юм.
Хүн төрөлхтний цорын ганц хүслэн бол энх тайван гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Харамсалтай нь энэ хүсэл хэзээ ч биелэж байгаагүй гэж хэлэхэд бас л буруутахгүй бизээ. Хүн төрөлхтөн анх үүссэн тэр цагаасаа хойш өдийг хүртэл их бага хэмжээний олон зуун мянган удаагийн дайн байлдаан хийсээр ирсэн. Одоо ч дайтсаар л...байлдсаар л... Ийм учраас л хүмүүн бидний ганц хүсдэг зүйл бол энх тайван, ганцхан дайн байлдаангүй энх тайван биш дээр дурдсан шинэ тутам цар хүрээгээ тэлж буй аймшигт “сөнөөгчид”-гүй энх тайвныг хүсэж байна. Бидэнд одоо гагцхүү “энх тайван” л дутагдаж байна. Өөр юу ч биш.
Энх тайван тогтоно гэдэг бол манай гарагийн бүх улс үндэстэн бүгдэд нь энх тайван тогтоно гэсэн үг. Дэлхий улам даяаршлагдаж, улс орон бүр бие биенээсээ улам ихээр хараат болж буй нөхцөлд ганц хоёр улс ч биш, бүс нутаг, тив тивээрээ ч биш дэлхий даяараа энх тайван, амар амгалан, эрх чөлөөтэй болвол л сая энх тайван тогтох юм. Хэдий манай улсад цагийн байдал нам тайван байсан ч өөр нэгэн улсад харин эсэргээрээ үймээн самуун, дайн дажинтай байх юм бол манай улсад ч тодорхой хэмжээгээр үймээн самуун, дайн байлдааны сөрөг нөлөөлөл бий болно. Дэлхийн хоёрдугаар дайныг санацгаая. Герман Польш руу довтолсноор дайн эхлэж улмаар ЗХУ-руу нацистууд довтолсон. Бүхэл бүтэн таван жил үргэлжилсэн дайн дэлхийн өнцөг булан бүрт буй хүн бүрт өөрийн хор уршигаа тарьсан. Хэдийгээр Монгол Дэлхийн хоёрдугаар дайнд гар бие оролцоогүй боловч дайны улмаас Монгол оронд эдийн засгийн, нөөц баялагийн гээд олон хямрал үүсэн билээ. Энэ нь энх тайван байна гэдэг даян дэлхий даяараа нэгэн зэрэг энх тайван, амар амгалан байвал сая бид энх тайвныг бүрэн утгаар нь ойлгох болно гэж бодож байна.
“АНУ Иракруу цэргээ илгээлээ”, “Хойд Солонгос цөмийн туршилт хийлээ”, “Гүржийн онгоцууд өмнөд Осетийг бөмбөгдлөө”, “Иран шинэ шумбагч онгоц үйлдвэрлэж эхэллээ” “ОХУ тив хоорондын баллистик пуужин туршив”, “Фашизмыг эсэргүүцэгчид, неонацистуудын хооронд мөргөлдөөн болжээ”, “Долдугаар сарын нэгний хар мягмар гарагт болсон үймээн самууны үеэр таван хүн амь насаа алдлаа”...эдгээр аймшигтай агаад эмгэнэлтэй хэргийг сонсох тоолондоо би өөртөө” Үүнийг гагцхүү энх тайван л зогсоож чадна” гэж хэлдэг. Эдгээр мэдээллийг сонсож, үзэх нь улам л нэмэгдсээр байна. Дэлхийн бүх орон энх тайвныг тунхаглах гэсэн нэгэн далбаан дор нэгддэг ч, “Энх тайван бол хамгийн хэрэгтэй бидэнд хамгийн ихээр дутагдаж байаа зүйл иймээс энх тайвныг тунхаглах хэрэгтэй” гэж бүх л улс орон хэлж, ярьж, үздэг боловч бүгд эхлээд өөр өөрсдийн л эрх ашгаа боддог. Өөрөөр хэлбэл хэн нэгэн дэлхийг гартаа оруулахын төлөө, хамгийн хүчирхэг улс гүрэн болохын төлөө л энх тайвныг тунхаглагч биш харин бусинуулагч болж байгаа нь их байна . Энх тайвныг тунхаглагч нэрийн дор дэлхийн нөлөө бүхий томоохон их гүрнүүд өөр өөрийн ашиг сонирхолоо бодож, дэлхийг дахин хуваах гэсэн санааг агуулж өөр хоорондоо дайсагналцаж байна гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсч байна. “Манай улс энх тайвныг тогтоогч” “Танай улс энх тайван, амар амгалан байхад саад болж байна” гэхчлэн энх тайвныг тунхаглагч, ялагч болох гэж зүтгэсээр. Энэ нь тийм ч буруу зүйл биш ч хамгийн чухал нь тунхаглагч, ялагч нэрийн цаана нөгөө л цөмийн зэвсэг, дайн байлдаан, террорист үйл ажиллагаа буюу явуургүй ашиг хонжоо хайсан далд санаа л нуугдаж байна. Олонхи улс орон тэр дундаа дэлхийн хэмжээний хэт их болон их гүрнүүд энх тайван тогтоох гэж биш олз ашиг олох гэж л энх тайванч, энх тайвныг тунхаглагч болж байна. Тэгэхээр бидэнд энх тайвныг тунхаглагч, ялагч хэрэг байна уу?.Дахин нэг асууя бидэнд аз жаргалыг минь бусинуулагч хэрэгтэй юу? Нэг ёсондоо “ялагчгүй” энх тайван л байх ёстой юм уу даа.
Өмнөд Осетийн тусгаар тогтнолын асуудалд энх тайвныг тогтооно хэмээн ОХУ мөн Гүрж аль аль нь энх тайвныг тунхагласан ялагч болохоор хоорондоо дэмий баахан цэрэг хөдөлгөж, олон ч энгийн иргэд дайны “золиос” болж хоцорсон. Мөн ялгаагүй Иракд энх тайван, амар амгаланг тогтооно хэмээн АНУ ч цэрэг илгээж одоог хүртэл Иракд дайны байдалтай , олон зуун энгийн номхон иргэд эд материалын болон оюун санаа, бие махбодийн хэзээ ч дахин нөхөдгөшгүй зүйлээрээ хохироод үлдэж байна. Дахин хэлэхэд энх тайванд ялагч гэж байдагүй юм. Энх тайван, амар амгалан, аз жаргалтай байхад чинь ялагч буюу хэн нэгэн гарч ирвээс та бидний аз жаргал, амар тайван байдлыг өөрийн хүсэл зорилго, эрх ашигдаа нийцүүлэн ашиглах болно гэж бодож байна.Юугаар ч орлуулашгүй, үнэлж барашгүй тэр энх тайван, аз жаргал, эрх чөлөөг хэн нэгэн дур мэдэн гартаа авбаас эдгээр үнэлж барашгүй зүйлүүд чинь жинхэнэ утгаа алдах билээ. Гагцхүү бид өөрсдөө энх тайвныхаа эзэд байж, энх тайванг тогтооход бид өөрсдөө гар бие оролцох нь л хамгийн зүйтэй арга юм.
Энх тайван бусдыг хүндэтгэх сэтгэлээс эхлэнэ. Энх тайван бусдыг энэрэгч, энэрэнгүй сэтгэлээс эхлэнэ. Энх тайван надаас, чамаас бас танаас эхлэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
This comment has been removed by the author.
ReplyDelete